Гэрэл зургийн уралдаан-1978 он

ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ

МПБ-ын Төв Зөвлөл, “Пионерийн үнэн” сонины зөвлөлөөс МХЗЭ-ийн XVII их хурал, монголын пионерийн “Залгамжлагч” IV чуулганыг угтаж пионер сурагчдын дунд гэрэл зургийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд манай нам, засгаас үр хүүхдийнхээ төлөө авч байгаа олон талт арга хэмжээ, социалист эх орны бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэн, өсвөр үеийнхний аз жаргалтай амьдрал, тэдний сурлага, хөдөлмөр, ах дүү социалист орны пионер сурагчдын үерхэл нөхөрлөл зэрэг өргөн сэдвээр оролцохыг урьж байна.

Уралдаанд ирэх бүтээлийг 1978 оны хоёрдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 15 хүртэл “Пионерийн үнэн” сонины захидал харилцааны тасагт гэсэн хаягаар ирүүлэх хэрэгтэй.

Шалгарсан бүтээлд олгох шагнал:

Нэгдүгээр байр-1, гадаадын пионерийн зусланд амруулна.

Хоёрдугаар байр-2, монголын пионерийн “Залгамжлагч” IV чуулганд урилгаар оролцуулна.

Гуравдугаар байр-3, шинээр ашиглалтанд орох олон улсын пионерийн зусланд амруулна.

Дөрөвдүгээр байр-5, МПБ-ын Төв Зөвлөл, “Пионерийн үнэн” сонины диплом, тусгай шагнал олгоно.

Уралдаанд ирсэн шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргана. Уралдааны бүтээл нь 1-5 хүртэл сэдвээр байж болохын гадна зураг тус бүрийг 18х24-ийн хэмжээгээр буулгаж хальсны хамт, өөрийн нэр, овог, хаягаа тодорхой бичиж ирүүлэх хэрэгтэй.

МПБ-ЫН ТӨВ ЗӨВЛӨЛ, “ПИОНЕРИЙН ҮНЭН” СОНИНЫ ЗӨВЛӨЛ


ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН

МХЗЭ-ийн XVII их хурал, монголын пионерийн “Залгамжлагч”IV чуулган угтаж Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын Төв Зөвлөл, ” Пионерийн үнэн” сонины газраас зарласан гэрэлзургийн уралдааны дүн гарлаа.

Уралдаанд хот хөдөөгийн 70 гаруй хүүхдийн 100 шахам бүтээл ирсэн юм. Ирсэн бүтээлээс үзэхэд манай хүүхдүүд малчин, аав, ээж, ах эгч нартаа тусалж байгаа, чөлөөт цагаараа загас үржүүлж, цэцэг ургуулж байгаа, эх нутгийнхаа гоо сайхан байгаль, ан амьтдын тухай, манай өсвөрийн үеийнхний баясгалант амьдрал, чин эрмэлзлийн тухай сэдэв гол суурийг эзэлжээ.

Уралдаанд Залуу техникчдийн ордны гэрэл зургийн дугуйлан, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн Хархорины дунд сургуулийн хамт олон амжилттай оролцлоо. Ирсэн гэрэл зургийн зохиомж, сэдэв, зураг авч боловсруулсан техник ажиллагааг харгалзан доорхи бүтээлүүдийг шалгаруулан байр эзлүүлэв.

Үүнд:

Нэгдүгээр байранд: нийслэлийн 5 дугаар дунд сургуулийн 8-ын “Г” ангийн сурагч Д.Далантайн “Миний загас олон болно”, “Жүжигт гарахын өмнөхөн” сэдэвт зураг.

Хоёрдугаар байранд: нийслэлийн 45 дугаар дунд сургуулийн 5-ын “Г” ангийн сурагч Т.Баяржаргалын “Ээжээ, миний захисан юмыг”, 18 дугаар дунд сургуулийн 8-ын “А” ангийн сурагч Б.Хөхөөжаргалын “Аялалд гарахын өмнө” сэдэвт зургууд.

Гуравдугаар байранд: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын дунд сургуулийн 6-гийн “А” ангийн сурагч Д.Баяраагийн “Чөлөөт цаг”, Төв аймгийн Эрдэнэсант сумын дунд сургуулийн сурагч З.Батхүүгийн “Би хөгжимчин болно”, Завхан аймгийн Түдэвтэй сумын дунд сургуулийн 6-гийн “А” ангийн сурагч С.Туяагийн “Хургачин” сэдэвт зургууд.

Дөрөвдүгээр байранд: Өвөрхангай аймгийн Хархорины дунд сургуулийн 7-гийн “А” ангийн сурагч Л.Оюунгэрэлийн “Аварга малчин болно”, нийслэлийн 49 дүгээр дунд сургуулийн 7-гийн “А” ангийн сурагч Д.Пүрэвдоржийн “Яг адилхан боллоо”, 51 дүгээр дунд сургуулийн 6-гийн “А” ангийн сурагч С.Батболдын “Сүүтэй будаа”, Архангай аймгийн Тариат сумын дунд сругуулийн 9-ийн “Б” ангийн сурагч Д.Пүрэвдуламын “Хангай нутаг” гэдэг зургийг тус тус шалгаруулж, болзолд заасан шагналыг олголоо.

Мөн уралдаанд байр эзлээгүй боловч зохиомж, ур чадвар сайтай зарим зураг тухайлбал Төв аймгийн төвийн 8 жилийн дунд сургуулийн 4-ийн”В” ангийн сурагч Р.Мөнхжаргал, 7-гийн “А”ангийн сурагч Сандийчогдон, Өвөрхангайн Хархорины 8 жилийн дунд сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Б.Ганхуяг, нийслэлийн 21 дүгээр сургуулийн 7-гийн “В” ангийн сурагч Батмөнх, II 10 жилийн 8-ын “Б” ангийн сурагч Г.Эрдэнэбат, Говь-Алтайн төвийн II 10 жилийн 9-ийн “Б” ангийн сурагч Г.Цэцэгмаа, Ховдын Мөст сумын 8 жилийн 7 дугаар ангийн сурагч Т.Баяраа, Ховдын Манхан сумын 8 жилийн 2-ын “В” ангийн сурагч Д.Дамдинсүрэн нарыг “Пионерийн үнэн” сонины баярын бичиг, дурсгалын зүйлээр шагнахаар шийдвэрлэв.

УРАЛДААНЫ КОМИСС

error: Content is protected !!